Увс Баруунтуруун

Эрт эдүгээгээс Турууны нутаг бол баяд, дөрвөд, урианхай, халх хүмүүсийн уулзвар газар байжээ. Өлөнгийн Бортолгойн урд талын Улаанчулууны хонхор гэдэг газар Урианхайн Алтан тайга, Мөнгөн тайгын хошуудын хүмүүс, Дөрвөд Далай хаан, Арван баядын төлөөлөгч, Засагт хан аймгийн Луу гүний хошууны жанжин занги нар 2-5 жилд нэг удаа цуглаж, хурал чуулган хийж, ажил төрлөө ярилцаж шийдвэрлэдэг байжээ.

Энэ нутагт тухайн жил Ханхөхийн хошууны ноёных олон гэр бариулан бэлдэж, дээрх үндэстнүүдийн төлөөлөгч нар цуглан мал, хүний халдварт өвчин, ган зуд, тухайн үеийн хууль, ном зөрчсөн зэрэг асуудлыг шийдвэрлэдэг, жилийн хугацаанд өөр өөрийн нутагт болсон гол үйл явдлуудаа харилцан мэдээлдэг уламжлалтай байжээ.
Улаан чулууны хонхор гэж нэрлэсэн учир нь уг чулуунуудыг хоёрыг нь баяд, дөрвөдүүд Зээрэнгийн усны Улаан толгойгоос, нэгийг нь Тывачууд Дөрөө нуурын ард байдаг Улаан уулнаас, нэгийг нь халхчууд Зүүнхангайн ард байдаг бялын уулнаас авч ирж тавьсан, мөн хүний амь нас хөнөөсөн гэмтнийг дөрвөн мөчнөөс нь дөрвөн чулуунаас тэлж татан уяж гэсгээдэг, асуудлыг нь хурлаараа хэлэлцэж шүүдэг байсан гэнэ.
Уртаашаа 100 гаруй км үргэлжлэх, дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд цэгт орших монгол нутгийн хамгийн том элсэн цөлийг та энд л үзнэ.
1922 онд манай улсын анхны сангийн аж ахуй нь одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Зүүнхараад, дараа нь 1923 онд Ховд аймгийн Ховд сумын нутаг Буянт голын хөндийд Ховдын сангийн тариалан нэртэйгээр байгуулагджээ.
Эдгээр САА-нуудын хөгжлийн явцад шинэ САА-нууд нэмэгдэн байгуулагдаж байсны нэг нь 1929 онд Улаан сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдсан аж ахуй нь одоогийн Баруунтурууны САА-н эх үүсвэр болжээ.
ЗХУ-аас бэлэглэсэн өвс хадах морин станцын хоёр нь 1938 онд Увс аймгийн Туруун, Бөхмөрөн сумдад байгуулагдаж, сүүлдээ Бөхмөрөнгийн станцыг татан буулгаж Баруунтурууны станцын харьяа тасаг болгожээ. Энэ станц Баруунтурууны САА-н эх үүсвэр байв.
1939 онд Өндөрхангай сумын даян Зузааны хөрөнгө хураагдахад түүний 800-гаад адуу, 60 гаруй тэмээ, 100 гаруй үхэр, 1000 гаруй хонийг тус аж ахуйд шилжүүлэн өгснөөр мал аж ахуй эрхлэх үндэс тавигдаж 1938 оны намар САА-н төв нь одоогийн сумын төвд суурьшиж ажлаа явуулж эхэлжээ.
МАХН-ын Төв Хороо, СНЗ-ийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тогтоолоор тус станцыг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны сангийн аж ахуй болгон байгуулжээ.
1959 оны 6 дугаар сарын 15 нд БНМАУ-ын АИХ-ын зарлигаар Баруунтуруун сумыг Ханхөхий уулын ар, бэлд байгуулжээ. Улсын САА байгуулагдсан 1943-1959 он хүртэл засаг захиргааны хувьд одоогийн Цагаанхайрхан суманд харъяалагдаж Туруун сум нэртэйгээр явж байжээ.
1929 онд Улаансан хамтрал, 1937 онд өвс хадах морин станц, 1941 онд МАХН-ын үүр,1942 онд гар үйлдвэрийн тасаг, 1943 онд улсын сангийн аж ахуй, 1946 оноос хүн эмнэлэг, аптек, 1947 онд бага сургууль, 1952 онд хүүхдийн цэцэрлэг, холбоо, 1953 онд мал эмэнлэг, 1955 онд цагдаагийн тасаг, 1956 онд ус, цаг уурын станц, 1957 онд 10 жилийн ясли, дизель цахилгаан станц, шатахуун түгээх станц, 1961 онд соёлын төв, 1982 онд ахуй үйлчилгээний төв, 1983 онд хорголжин тэжээлийн үйлдвэр, 1983 онд АТС, экран зурагтын станц, 1986 онд 75 тракторын засварын газар, 1990 онд 2000 га-гийн услалтын систем, 8 сая куб метр багтаамжтай хиймэл нуур, Зүүнтурууны САА, 1995 онд цагдаагийн тасаг, 1997 онд 100 квт усан цахилгаан станц, 1998 онд нисэх буудал, сансрын Висат систем, 1998 онд Хилийн цэргийн комендатур, 2000 онд хилийн цэргийн хороо, 2002 онд Жанрайсаг дацан, 1997 онд нисэх буудал /улсын анхны хувийн нисэх буудал/, 2002 онд нисэх буудлын шинэ барилга, сансрын холбоо тус тус байгуулагдан ажиллаж байна.
Тус сум 1998 оны 2 сараас Улаанбаатар-Баруунтурууны чиглэлд иргэний агаарын тээврийн үйлчилгээ нээсэн.
Сумын төвөөс аялал жуулчлалын бааз газар, үзэсгэлэнт газруудаар явах зам харгуй бартаагүй, тэгш шулуун болно. 24 цагаар ажилладаг холбоотой Зүүнтуруун баг, сумын төв интелсат системээр үндэсний нэвтрүүлэг, бусад 3 төрлийн суваг үзэх боломжтой.
Мөн ОХУ-ын нэвтрүүлгийн станц, АНУ-ын сансрын холбооны “ ВИСАТ” систем суурилсан. Зүүнтуруун баг хар цагаан усны чиглэлд 70 км 2-4 цэгээс шууд төвтэй холбоо барих боломжтой. Сансрын холбоо тавигдсан нөхцөлд сумаар дамжуулан дээрхи цэгүүдээс аль ч улс оронтой ярина.

Нутаг дэвсгэр, хил хязгаар
Баруунтуруун сумын нутаг нь аймгийн зүүн хойд хэсэгт хойд талаараа ОХУ-ын БН Тыва улсын Эрзин районы нутагтай, хилийн 223-238 дугаар тэмдгээр 74 км 174 метр газраар хиллэдэг ба зүүн талаараа Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Зүүнхангай сумтай, зүүн урьд ба урьд талаараа Өндөрхангай, Цагаанхайрхан сумтай, баруун ба баруун хойд талаараа Зүүнговь, Хяргас сумуудтай тус тус хиллэдэг. Нийт нутаг дэвсгэр нь 329.2 мянган га талбайг эзлэх бөгөөд энэ нь аймгийнхаа нийт нутгийн 4.7 хувьтай тэнцэнэ.
Сумын нийт нутгийн 278.3 мянган га буюу 54.1 хувийг ХАА-н эдэлбэр газар, 7.6 мянган га талбайг ойн фонд, усны фондын талбай 2520 га, хот суурингийн 625 га талбай эзлэнэ.
Сумын төвөөс хамгийн алслагдсан цэг Нисэхийн уул хүртэл 105 км, Баруунтуруунаас Завхан аймгийн Тосонцэнгэлээр дайрч Улаанбаатар хот хүртэл 1150 км, Увс аймгийн төв Улаангом хүртэл 190 км ба Хяргас нууран дахь Хар Тэрмэсийн амралт хүртэл 140 км болно.
Тус сумын нутаг нь говь, тал хээр, хангай, алтайн өндөр, уулархаг хэсгийн аль алины нь шинжийг хадгалж тогтсон нуур, гол, булаг шандаар элбэг нутагтай сум юм.

Газрын гадарга

Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцагийн голын хуурай сав газрын адгийн сайн чанарын хөрстэй тэгшхэн талд тариа будаа, малын тэжээлийн төрөл бүрийн ургамал тариалах эргэлтийн 42.3 мянган га талбай, согоовор, бэд, ерхөг зэрэг сайн чанарын 2.0 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг 1643 га хадлангийн талбай, хөрсжсөн элсэн бөөрөг, хангайн уулархаг нутаг борог, шаваг, шарилж, хээ өвс голлосон 229.6 мянган га малын бэлчээрийн нутагтай. Алтан элсний бөөрөг нь Сахарын цол лугаа хув хуурай говь цөл юм.

Ашигт малтмал
Сумын нутаг дэвсгэрт архей болон бусад төрмөлийн үеийн тунамал, хувирмал, галт уулын ба гүний хурдас, архейн насны хувирмал, чулуулаг тус сумын нутагт элбэг тохиолддог. Энэ нь хар гялтгануурт, анар био талст, эвэр, хуурмаг, өмхзөн талст занар, кварцит зэргээс тогтоно. Доод протерозой, доод дунд рифейн насны хурдас ч бий. Гүний чулуулагаас хожуу пермийн булнайн бүрдэл сумын нутгийн өмнө хэсгээр тохиолдоно. Шүлтлэг өвлийн боржин кварцит, биотит эвэр хуурмаг, ердийн зэрэг нь дээд пермийн доод хэсгийн амьтны үлдэгдэл бүхий галт уулын шүлтлэгдүү гарал үүслийн холбоотой ажээ. Геологийн тогтоц, мужлалыг зөв тогтоож авах нь хойшид төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажил явуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Ашигт малтмалын хувьд бүрэн судлагдаж нээгдсэн орд, илэрцүүд төдийлөн байхгүй боловч цаашид геологи хайгуулын ирээдүй бүхий эрдэсжсэн цаг объектууд нилээд бий.
Уур амьсгал
Жилийн дундаж агаарын температур -4 хэм, хур тундасны дундаж хэмжээ 218.3 мм, салхины дундач хурд 1.2 м/сек, сумын нутаг дэвсгэр нь хойт талаараа Тагнын нуруу, Бөөрөгдэл Элс, өмнө талаараа Ханхөхийн уулсаар хүрээлэгдсэн, ерөнхийдөө нам уулс, тал хөндий тул зундаа 25-30 зарим үед элсний хаяа орчим хөрсөн дээр 50-60 хэм хүртэл хална. 1 дүгээр сарын өвлийн олон жилийн дундаж температур 25-35 хэм боловч зарим жил, тухайлбал 1965 онд -52 хэм хүрч хүйтэрч байжээ. Жилийн дундаж хур тунадас 250-350 мм, цасан бүрхэвч 15-20 см, нийт тундасны 60-65 хувь нь 7-8 дугаар сард ноогддог байна. Хур бороо ихтэй 1963, 1973, 1983, 1993 онуудад САА өндөр ургац авч улсад тэргүүлж байжээ.
Харцагаан усны өндөрлөг талбайнуудад намар эрт 8-р сарын дундуур цочир хүйтэрч, тариа хяруунд цохигдох үе тохиодог. Их нууруудын хотгорын хүйтний оргил цэг энэ нутгийг хамарна.
Улсын ус цаг уурын албаны мэдээнээс үзэхэд Төв Азийн хамгийн хүйтэн цэг нь Увс аймгийн Баруунтуруун, Завханы Тосонцэнгэл орчмын нутаг болох нь тэмдэглэгдсэн байдаг юм байна.

Гол, горхи, нуур, рашаан

Ханхөхийн нурууны араас эх авсан Турууны түргэн урсгалт гол, баруун Хангилцагийн даваанаас эх авсан Хангилцагийн гол, урьд хойд Хөх гол, ус зэрэг горхи, булаг шандтай. Тус сумын Алтан элсний баруун хойд хэсгийн орчмоос элсэн дотроос шууд эх авсан зүүн, баруун Нарийны гол урсаж Увс нуурт цутгадаг. Энэ голын эхэнд элснээс бургас, хус мод ургасан байна. Мөн Булнайн нуруунаас эх авсан алдарт Тэсийн гол нутгийн зүүн хэсэг Нисэхийн булангаар 10 гаруй км урсаж Оросын Холбооны Тыва улсын Эрзин районы нутаг руу ордог. Их бага хужирт, Хярсын булаг, Баян-айраг, Хавчиг, Хөв, Харцагаан Яргайт, Хужирт, Билүү, Могойн зэрэг булаг шандуудтай.
Нарийны голоос цааш 20 км хүрэхгүй газар элсний хойд захад Дөрөө нуур оршино. Дөрөө нуур тунгалаг цэвэр устай, Цурхай зэрэг хүнсний зориулалтын загастай, Дөрөө нуур руу элснээс эх авсан нилээд олон булаг шандууд урсан ордог. Мөн услалтын системийн 8 сая м/куб багтаамжтай хиймэл нууртай.

Нарийны гол: Алтан элсний зүүн этгээдээс эх авч Монгол Улсын хилийн дагуу баруун хойш Зүүнговь, Тэс сумын нутгийг дамжин урсаж, Увс нуурт цутгана. Энэ гол нь Ханхөхийн их уулсын ус Баруун, Зүүнтурууны голууд их нууруудын хотгор руу урсаж ирэн дахин дээш өргөгдөн ундрах хөрсний уснаас эх авсан асар сонин тогтоцтой ажээ. Урт нь 126 км, сав газрын талбай 3974 ам км, хэвгий 16.0 хувь.


Дөрөө нуур: Увс аймгийн зүүн хилд буюу Монгол, Оросын хилийн зааг дээр Алтан элсний зүүн жигүүрт оршино. 20 гаруй ам.дөр.км талбайтай. Загас элбэгтэй.
Баруунтурууны гол: Ханхөхийн нуруу, Согоо нуураас эх авч зүүн, зүүн хойд зүг урсан Алтан элсэнд орж шургана. Цэнгэг устай, Туруунчуудын ундны эх булаг, тариалангийн гол судас, Урт нь 127 км, сав газрын талбай нь 1411 ам.дөр.км, Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтуруун сумдын нутгаар урсана.

Зүүнтурууны гол: Ханхөхийн нуруунаас эх авч зүүн хойшоо урсан, алтан элсэнд шургана. Газар тариалангийн ач холбогдолтой, уулын цэнгэг устай гол юм. Урт нь 96 км, сав газрын талбай 1823 ам.дөр.км, хэвлий 9.5 хувь

Ургамал

Их элсэн дундаас урсах Нарийны голын эхэнд хус, улиас, шинэс, гацуур, бургас, харгана, улаалзгана, хармаг гээд энэ нутагт ургадаг бүх мод, бут, ургамлын цуглуулга байдаг нь үнэхээр гайхам, мөн бяцхан төгөл ч байх.
Ууланд хар мод, гацуур, бургас, улиас, ургахаас гадна жимс, жимсгэнэ эмийн ургамал ургана. Дөрөө нуурын урьд хэсэгт хар мод, бургас, улиас зэрэг ойгоор бүрхсэн өвөрмөц онцлог газартай. Алтан элсний зүүн хэсэгт элс багасах орчинд элсэндээ хар мод ургац тогтсон өвөрмөц газар бий. Түүнийг хар модны сүв гэх бөгөөд түүгээр алтан элсний дархан цаазат газрын зүүн талаас машинаар очих боломжтой болно. Хар модон сүвээс зүүн зүгт 20 км орчимд Булнайн нуруунаас эх авсан Тэсийн гол 10 гаруй км тус сумын нутгаар урсаж Оросын Холбооны Тува улсын Эрзин районы нутаг руу ордог, энэ хэсэгт хүн, мал явахад бэрхшээлтэй, голын битүү шугуй, өвөрмөц тогтоцтой газрууд бий.

Тост, Хярсын булаг Уянга, Хар цагаан усны эх орчим өвөрмөц сонин тогтоц бүхий хад, агуй, шинэс, хус, бургас зэрэг навчит ба шилмүүст ойтой.
Ой модтой уул хадандаа үхрийн нүд, хад, улаалзгана, гүзээлгэнэ, тошлой, самар зэрэг жимс, сонгино, таана хөмөл, модны төмс, төрөл бүрийн мөөг зэрэг ургамалтай. Эмийн болон хүнсний чиглэлийн өвс ургамлын арвин баялагтай.

Азын төлөгч өвс, агь, эмийн багваахай, гурмасан ажиг, нарийн навчит хаван, нугын шимтгэлээ, их таван салаа, багийн тарана, үхэр мэхээр, галуун гичгээр, эмийн сод, хар нэрс, хээрийн сэдэргэнэ, долгион бишүүн, хурган чих, далан түрүү, мөлхөө хиаг, хурган мэхээр, бөөрөлзгөнө, эгэн жаран цэцэг, ээрэм шарилж, цэнхэр инжбуурал, сибирийн зүрхэн цэцэг, мөлхөө ганга, алтан хундага, морин зээргэнэ, эмийн алтан говь, ажиг цэрэн, сөд зэрэг ургамалтай уул, тал, хээр элбэг тохиолдоно

0 comments:

 
Design by togtohoo |