Эль Класико”, “Улаан-Цэнхэр”-ийн учраа

Аваргуудын лигийн хагас шигшээд “нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах”  дөрвөн багийн нэр тодорлоо. 56 дахь удаагийн Европын тэргүүн багуудын тэмцээний шөвгийн дөрөвт Испаний хоёр, Германы нэг, Английн нэг төлөөлөл үлдсэн бөгөөд эдгээр багуудын оноолт альхэдийнэ тодорхой болсон. Премьер лигийн хүчтэй өрсөлдөгч Челсиг замаасаа холдуулж энэ шатанд гарч ирсан Манчестер Юнайтед Германы “Цэнхэрүүд” буюу Шальке 04 клубтэй тулна. Түүхэндээ анх удаа энэ өндөр тавцанд гарч ирээд байгаа Шальке өмнөх шатанд Валенсия (Испани), Интер (Итали) гэсэн хүчтэй багуудын мулталж  басаж болохгүй өрсөлдөгч гэдгээ нотолсон.
Харин хагас шигшээн нөгөө хос дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Аваргуудын лигийн тулаан болгон гал гарсан ширүүн тэмцэл дор өрнөдөг ч, энэ голыг хэд дахин өрдөх хүчин зүйл бүрдээд байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн аугаа өрсөлдөөн гэгддэг “Эль Класико” Барселона – Реал Мадридын тулааныг бид хагас шигшээд үзэх боломжтой боллоо. Хамгийн сүүлд 2001/2002 оны Аваргуудын лигийн улиралд “Эль Класико” гарч байсан бөгөөд сонирхолтой нь мөн л хагас шигшээ шат байлаа. Барселонд явагдсан эхний тоглолтод Зидан, Макманаман гоолдож 0 : 2-ээр Реал Мадрид хожиж байлаа. Харин хариу тоглолт “Сантьягу Бернабеу”-д 1 : 1-ээр тэнцэж Реал цаашаа шалгарч байсан юм. Өдгөө Шалькед байгаа домогт Раул Эзэн хааны багаас гоолдсон бол Иван Эльгера Барсад тэнцээний бөмбөгийг авчирчээ.

Дахиад л "Цэнхэрүүд"-тэй гэж үү ?
Улмаар Реал тэр жилээ Зиданы гуядалтын ачаар түрүүлсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. 1959–60 онд мөн хагас шигшээд Барса – Реал таарахад “Эзэн хааны баг” 6 : 2-оор илүүрхэж байсан. Дараа жил нь эхний шатанд мөн учраа таарахад 4 : 3-аар Барса хариугаа авч байсан юм.
Аваргуудын лигээс гадна Испаний цом, лигийн тоглолтын “Эль Класико” эдгээр өдрүүдэд давхцах бололтой. Хамгийн эхнийх нь энэ амралтын өдөр Реалын талбайд явагдах Ла лигийн 32-р тойргийн тоглолт. Дараагийнх  нь дөрвөн сарын 20-нд “Месталья” цэнгэлдэхэд тоглогдх Эзэн хааны цомын шигшээ тулаан. Ямартай ч таван сар гартал бид уйдахгүй бололтой.
Энэ жилийн аваргуудын лигийн хагас шигшээд үлдсэн багууд чанартай гэдгийг батлах нэг баримт байна. Шөвгийн наймын хоёр тоглолтод хоёуланд нь хожиж гарч ирсэн дөрвөн баг өмнө нь Аваргуудын лигт байгаагүй аж. Эхний тоглолт 4 сарын 26/27-нд хариу тоглолт 5 сарын 3/4-нд явагдана.
Эдгээр дөрвөн багаас хоёр нь л финалд шалгарч 5 сарын 28-ны үдэш Лондоны алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд “Том чихтэй цом”-ын төлөө өрсөлдөх болно.

0 comments:

 
Design by togtohoo |